Wednesday, September 14, 2011

Бүтээмж өндөртэй борлуулагч хүний 7 дадал

Дадал 1. Бүтээгдэхүүн болон өрсөлдөгчөө мэддэг байх

Үр дүнтэй борлуулалт хийхийн тулд та юуны өмнө өөрийн бүтээгдэхүүний шинж чанар буюу давуу болон сул талыг мэддэг байх, энэ нь худалдан авагчдад юуг санал болгож байгааг мэддэг байх ёстой. Дараагийн алхам нь өрсөлдөгчийнхөө давуу тал, сул талыг үнэлж, өөрийнхтэйгээ харьцуулах явдал юм. Өөрийгөө шударгаар үнэлэх нь борлуулалтын ажилтанд өрсөлдөгчөө ялж худалдан авагчид бүтээгдэхүүнээ зарахад тусладаг.

Дадал 2. Хэрэглэгчээ хэн болохыг мэддэг байх

Бүх хүмүүст тохирох бүтээгдэхүүн гэж байхгүй. Зочид буудал гэхэд зах зээлийн тодорхой нэг хэсэгт зориулагдсан байдаг. Тиймээс борлуулагч хүн бараа бүтээгдэхүүнээ зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. Энэхүү суурь үндсийг мэдэхгүй бол бүтээгдэхүүнийг нь огт хэрэглэдэггүй худалдан авагчид зарахыг оролдон цаг их гарздах болно. Жишээлбэл хямд бүтээгдэхүүн хүсэмжилж буй худалдан авагч урлагийн үнэтэй бүтээл, өндөр зэрэглэлийн хадгаламж зэргийг огт сонирхохгүй. Хэрвээ та бүтээгдэхүүн тань хэнд зориулагдсан бэ гэдгийг мэдэж байвал худалдан авагч бүртэй тохиролцох гэж оролдохгүй.

Дадал 3. Худалдан авагчийг сонсдог, хэрэгцээг нь мэдэрдэг байх

Эхний хоёр дадлыг өөрийнх болгочихвол худалдан авагчийн хэрэгцээг бүрэн гүйцэд мэдрэхэд амархан байх болно. Бүтээгдэхүүн тань Монгол улс даяар гүйлгээтэй байгаа ч тухайн Дорж, Дулмаа нарын хувьд хэрэгцээтэй эсэх нь чухал юм. Худалдан авагчаас асуулт асууснаар түүнд чухам юу чухал вэ, хэр зэрэг чухал вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэдээлэл сайн цуглуулж чадвал ажил хэргээ амжилттай дуусгах давуу талыг олж авна. Жишээлбэл олон улсын хуралд зочид гийчдийг авчирч буй байгууллагын хувьд танай зочид буудал нисэх буудалд ойрхон гэдэг нь хамгийн чухал бол борлуулагч тэдний энэхүү хэрэгцээнд төвлөрөх хэрэгтэй байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн амин чухал хэрэгцээг хангахааргүй бол борлуулагч худалдан авагчийг орхиж өөр хүнтэй ярих ёстой.

Дадал 4. Хэрэглэгчиддээ сайн хандах, захирлынхаа өгсөн үүрэг даалгавар хоёрыг тэнцвэртэй хадгалдаг байх

Борлуулалт нь хүмүүстэй байнгын харилцаанд ороход хүргэдэг болохоор борлуулагч нар энэхүү ажилдаа дуртай байдаг. Тэд хүмүүст дуртай, хүмүүс ч тэдэнд дуртай. Тиймээс заримдаа борлуулагчид худалдан авагчаа баярлуулах гээд захирлынхаа өгсөн үүрэг даалгаварыг мартаж, бүтээгдэхүүнээ хэт хямдаар өгчих гээд байдаг. Харин амжилттай борлуулагч хүн худалдан авагчтайгаа найрсаг харилцаа үүсгэдэг, санхүүгийн хариуцлагаа ч биелүүлдэг. Худалдан авагч хэрэгцээг нь мэдэрч, хүндэтгэж буй борлуулагчийг итгэн хүндэтгэдэг бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн үнээр хэлцэл хийж хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлддэг.

Дадал 5. Зохион байгуулалтын өндөр чадвартай байх

Хүмүүстэй ажилладаг ч гэлээ зарим борлуулагчид нарийн ширийн зүйлийг төдийлөн анхаарч чаддаггүй. Гэтэл нарийн ширийн зүйлийг зохицуулах нь худалдан авагчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал зүйл байдаг. Хэрвээ та хүмүүсийн нэрийг буруу дуудаж, албан тушаалыг нь буруу хэлж, хүссэн кофены завсарлагааг нь уулзалтдаа багтаагаагүй бол яаж сайн уулзалт болно гэж найдах билээ? Нарийн ширийн зүйлийг ч нямбай хийж, ажлаа нэгд нэггүй шалгаж бай. Зохион байгуулалт сайтай бай. Борлуулагч хүний эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалтай сайтай байдал худалдан авагчид мөн л итгэлийг төрүүлдэг. Хүмүүст хариу хэлэхдээ хурдан бай. Зохион байгуулалтын чадвар сайтай байх нь худалдан авагчийн зүгээс хүндэтгэлийг аяндаа бий болгодог.

Дадал 6. Найдаж болохуйц буюу үг үйлдэл зөрдөггүй байх

Ярьсан зүйлээ хийдэг бай. Нөхцөл байдлаас болж амласнаа биелүүлж чадахгүй болоход хүрвэл энэ тухайгаа худалдан авагчид заавал мэдэгдэж бай. Найдаж болохуйц байх, харилцаа холбоо сайтай байх нь хүмүүст итгэл төрүүлдэг. Итгэл бол худалдан авагчийг танаас удаа дараа бүтээгдэхүүн худалдан авахад хүргэдэг зүйл юм. Борлуулагч хүн хийх ёстойгоо бүгдийг хийсэн, ямар ч нөхцөл байдалд хандаж болно гэсэн итгэлийг төрүүлэх, үнэнч байдлыг бий болгох нь хожим ямар ч асуудал гарсан шийдэх боломжийг олгоно. Худалдан авагч, хэрэглэгч утсаар яривал байнга хариу өгч, холбоотой бай. Үг үйлдэл зөрдөггүй байх нь борлуулагчийг найдаж болохуйц хүн болгодог.

Дадал 7. Үргэлж өөрийгөө хөгжүүлдэг байх

Бизнес нь шинэ технологи, шинэ зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс зэргээс болж үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Бүтээмж өндөртэй борлуулагч хүн энэхүү асуудлуудтай үргэлж хөл нийлүүлэн алхаж байх нь стратегийн зөв төлөвлөлт хийхэд хүргэдэг гэдгийг мэддэг.

Үндэслэгээ сайтай төлөвлөгөө нь шинэ стратеги баримтлах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусладаг. Бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа янз бүрийн холбоод, сайн дурын байгууллага, эвслүүдэд нэгдэхэд тусладаг. Мөн үүний тулд өдөр тутмын хэвлэл сайн унш. Бизнес ажил хэрэгт гарч буй үндэсний болон орон нутгийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагуудад элс. Ингэснээр борлуулагч хүн зөвхөн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй худалдан борлуулдаг бүтээгдэхүүнээ ч шинэчилж, сайжруулах боломжтой.

No comments:

Post a Comment